Харилцагч доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр мэдээллийн технологийн шийдэл, холбогдох хэрэгслүүдийг ашиглан Бумбат Алтай ҮЦК-ийн “Цахим данс” системээр дамжуулан цахим үйлчилгээг авна. Үүнд:
1. Харилцагч өөрийн и-мэйл хаяг болон бусад хувийн мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөнө.
2. Харилцагчийн “Цахим данс” системд өөрийн бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан оруулсан холбогдох хүсэлт, үнэт цаас худалдах, худалдан авах захиалга, мөнгө хүсэх өргөдөл нь харилцагч өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан, санхүүгийн болон бусад тамга, тэмдэг дарсантай нэгэн адил хүчинтэйд тооцогдоно.
3. Цахим үйлчилгээг авах арга хэрэгсэл, үйлчилгээг авахтай холбоотой Бумбат Алтай ҮЦК-аас өгсөн заавар, өөрийн нууц код, хэрэглэгчийн нэр, нууц үг болон цахим шуудан, гар утсаар хүлээн авсан мэдээлэл зэргийг бусдад алдсан, ашиглуулсан, эсхүл тийнхүү ашиглуулах боломж олгосноос үүссэн үр дагаврыг харилцагч бүрэн хариуцна.
4. Харилцагчийн бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, гар утсанд очсон мэдээлэл, нууц код нь цахим үйлчилгээний нууцлалын салшгүй нэг хэсэг бөгөөд харилцагч цахим үйлчилгээний нууцлалыг чандлан хадгална.
5. Бумбат Алтай ҮЦК нь энэхүү системээр өгсөн захиалга, гүйлгээг харилцагчийн өөрийн биеэр өгч буй захиалга гэж үзэн шууд гүйцэтгэнэ. Гэвч, мөнгөн зарлага гаргах нь Үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх клиринг банк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо ХХК зэрэг гуравдагч байгууллагуудаас хамааралтай тул тэдгээрийн үйлчилгээний нөхцөл, цагийн хуваарийн дагуу хийгдэнэ.
6. Бумбат Алтай ҮЦК болон Үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх клиринг банк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо ХХК нь харилцагчийн данс дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд багтаан захиалга болон гүйлгээг гүйцэтгэнэ.
7. Үйлчилгээний гэрээнд заасны дагуу харилцагчаас арилжааны болон үйлчилгээний хураамж, шимтгэлийг данснаас шууд суутгах ба дансны үлдэгдэл шимтгэл, хураамжийг суутгахад хүрэлцэхгүй бол гүйлгээ хийгдэхгүй.
8. Харилцагчийн дансны үлдэгдэл нь тухайн гүйлгээг хийхэд хүрэлцэхгүй, шимтгэл хүрэлцэхгүй, бүрдүүлбэр дутуу, өгөгдөл буруугаас болж гүйлгээ хийгдээгүйгээс шалтгаалан учирсан үр дагавар, хохирлыг Бумбат Алтай ҮЦК хариуцахгүй.
9. Бумбат Алтай ҮЦК цахим үйлчилгээний жилийн хураамж, гүйлгээний шимтгэл хураамжийн хэмжээ зэрэг үйлчилгээний ерөнхий нөхцөлийг харилцагчид урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй.
10. “Цахим данс” системд бүртгүүлж, цахим үйлчилгээ авахын тулд харилцагч идэвхтэй и-мэйл хаягаар бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэн и-мэйл хаягаар захиалгын биелэлт, дансны хуулга болон үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг харилцагчид мэдэгдэх тул и-мэйл хаягийг цаашид солихгүй байна. Хэрэв таны и-мэйлийг үйлчилгээ үзүүлэгч тань хаасан эсхүл таны спам шүүлтүүр хаасан болон бусад байдлаар та электрон харилцаа холбоог хүлээж авах боломжгүй болсон тохиолдолд түүнээс үл хамааран Бумбат Алтай ҮЦК нь тантай харилцах мэдээ, мэдээллийг хүргүүлсэнд тооцно гэдгийг анхаарна уу.
11. Та өөрийн нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
a. Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн данс руу компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэрэг олон төхөөрөмжөөс хандахгүй байх;
b. Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх хаяг, нууц үгээ сануулахгүй байх;
c. Өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй, ашиглуулахгүй байх.
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ УРВУУЛАН АШИГЛАХААС СЭРГИЙЛЭХ, ХОРИГЛОХ НӨХЦЛҮҮД
Үнэт цаасны зах зээл нь зохицуулалттай бөгөөд зах зээлийг урвуугаар ашиглахаас сэргийлсэн хууль зүйн болон хяналтын тогтолцоотой байдаг. Тиймээс, Та арилжаанд онлайнаар шууд оролцохдоо дараах зүйлсийг сайтар анхаарна уу. Үүнд:
-
Үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлөхгүй, зах зээлийг урвуулан ашиглах аливаа үйлдэл хийхгүй байх. Үүнд:
- 2 ба түүнээс дээш удаа, цөөн тоо ширхгээр тухайн нэг хувьцааны ханшид нөлөөлөх зорилгоор арилжаа хийхгүй байх
- Нэгдмэл сонирхолтой этгээдтэй эсхүл урьдчилан тохирсон талтай үгсэн тохиролцож, хувьцааны идэвх, эрэлт, нийлүүлэтийг нэмэгдүүлэх гэх мэт зорилгоор хуурамч арилжаа хийхгүй байх
-
Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцохгүй байх /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 76.1-р зүйлд зааснаар “Тодорхой үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй мэдээллийг дотоод мэдээлэл” гэнэ/
-
Худалдан авах эсхүл худалдах зорилгогүйгээр хий хоосон захиалга өгөхгүй байх
Дээрх үйлдлүүдийг хориглосон хууль, журмын заалтуудыг дэлгэрэнгүйгээр дор оруулсан тул Та сайтар уншиж танилцана уу. Хууль журмын хэрэгжилтэд Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьж ажилладаг бөгөөд Үнэт цаасны компани харилцагчдынхаа захиалгыг мөн шалгах үүрэгтэй тул “Цахим данс” системд зохих тохируулгуудыг хийсэн болно. Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглах нь зөрчил тул ийм үйлдэл гаргасан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээдгийг анхаарна уу.
Дэлгэрэнгүйг харахҮнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлсэн хууль, журмын заалтууд“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, 80-р зүйл
80.1. Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно.
80.2. Үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг төөрөгдүүлэх зорилгоор тодорхой үнэт цаасны өмчлөгч нь өөрчлөгдөөгүй боловч арилжаа идэвхтэй явагдаж байгаа дүр үзүүлэн хэлцэл хийх болон үгсэн хуйвалдах замаар тодорхой үнэт цаасыг худалдах, худалдан авах үнийг ойролцоо түвшинд захиалах, хэлцэл хийхийг хуурамч арилжаа хийсэн гэж үзнэ.
80.3. Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ.
“Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам”-аас
2.1 Үнэт цаасны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах “бусад арга хэлбэр” гэдэгт дараах үйлдлийг ойлгоно:
2.1.1 олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон интернет ашиглан олон нийтийг төөрөглдөлд оруулсан, бодит бус, хуурамч мэдээлэл цацах, амлалт өгөх замаар үнэт цаасны үнэ ханш болон эрэлт нийлүүлэлтэд нөлөөлөхөөр хуурамч мэдээлэл тараах;
2.1.2 Үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор 2 ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцэл хийх;
2.1.3 тодорхой үнэт цаасны өмчлөгч нь өөрчлөглөгдөхгүй хуурамч гүйлгээ хийх эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хооронд үнэт цаасыг 2 ба түүнээс дээш удаа худалдах, худалдан авах хэлцэл хийх;
2.1.4 тодорхой үнэт цаасыг арилжаа идэвхитэй явагдаж байгаа мэт олон давтамжтай хэлцлүүдийг зах зээлийн оролцогчдыг төөрөгдүүлэх зорилгоор үгсэн тохиролцож хийх;
2.1.5 үнэт цаасны үнэ ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор урьдчилан тохирсон талууд нэг төрлийн үнэт цаасыг ижил үнээр, ижил хэмжээгээр 2 ба түүнээс дээш удаа худалдах, худалдан авах захиалгыг зэрэг өгч хэлцэл хийх;
2.1.6 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор өсгөх, (бууруулах) зорилгоор үнэт цаасыг худалдан авах, (худалдах) үнийг өсгөж бууруулах, цөөн тооны үнэт цаасыг 2 ба түүнээс дээш удаа худалдах, худалдан авах хэлцэл хийж, үнэт цаасны ханш тодорхой түвшинд хүрсний дараа худалдах, худалдан авах замаар ашиг олох;
2.1.7 2 буюу түүнээс дээш удаад үнэт цаасны ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор идэвхтэй арилжааг урьдчилан зохион байгуулах;
2.1.8 Үнэт цаасны зохиомол эрэлт, нийлүүлэлтийг үүсгэж зохиомлоор ханшийн өсөлт, бууралтыг бий болгох;
2.1.9 ...
2.1.10 ...
2.1.11 Цахим арилжааны системд биелүүлэх зорилгогүй тодорхой үнэт цаасыг худалдахаар санал болгож буй үнээс бага, худалдан авахаар санал болгож буй үнээс өндөр үнээр захиалга өгч, хэлцэл хийгдэхээс өмнө саналаа 2 ба түүнээс дээш удаа татах замаар үнэ ханшид зохиомлоор нөлөөлөх оролдлого хийх;
2.1.12 ...
2.1.13 Дотоод мэдээлэл эзэмшигч, түүний холбогдох этгээд үнэт цаас, түүнд суурилсан санхүүгийн хэрэгслийн арилжаанд дотоод мэдээлэл ашиглан оролцох.
Тав. Үнэт цаас гаргагч болон харилцагч, хөрөнгө оруулагч, тэдгээрийн холбогдох этгээдийн хүлээх үүрэг
5.2 Зах зээлийг урвуулан ашиглах үйлдэлд тооцогдох, эсхүл үнэт цаасны үнэ ханшид зохиомлоор нөлөөлөх зорилго агуулсан худалдах, худалдан авах захиалга өгөхгүй байх;
5.4 Тодорхой үнэт цаасыг худалдан авахад дансан дахь бэлэн мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд үнэт цаас худалдан авах захиалга өгөхгүй байх;
Зургаа. Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх чиглэлээр тавих хяналт
6.5 Үнэт цаасны арилжааны өдөр тутмын үйл ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны хяналтын “Investigation manager”, “Market Replay”, “Surveillance” программуудыг ашиглан зайны хяналт тавина.
6.6 Зайны хяналтын үед:
6.6.1 хяналтын программаар МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын жагсаалт ба өдөр бүрийн үнэт цаасны арилжааны хэлцлийн задаргааг харж, хяналтын программ дээр үүссэн сэрэмжлүүлэх дохионы дагуу /Alert/ сэжигтэй хэлцлүүдийг дэлгэрүүлэн шалгаж, зөрчилтэй гэж үзсэн хэлцлүүдийн баримтыг МХБ, ҮЦК-иас гаргуулан авч нарийвчлан шалгана;
6.6.1 үнэт цаасны хэлцлүүдийг графикаар харуулах, тухайн хэлцлийн худалдан авах, худалдах захиалгыг оруулсан огноо, цаг минутыг хараад үнэт цаасны арилжааны явцад хувьцааны ханш хэт өссөн, буурсан хэлцэл болон цөөн тоо ширхгээр хийгдсэн хэлцлийг шалгана;
6.6.1 үнэт цаасны үнэ ханшийн хэлбэлзэл, арилжигдсан тоо ширхэг зэргийг үндэслэн зөрчилтэй байж болзошгүй сэжигтэй хэлцлийг худалдан авсан, худалдсан дансны эзэмшигчид нь нэгдмэл сонирхолтой эсэхийг шалгана;
6.6.1 тухайн сэжиг бүхий арилжааны хэлцлүүд, арилжаанд оролцсон талуудын мэдээлэл, зэргийг хяналтын программаас татан авч, хэлцлийн авах, зарах захиалгын дараалал, арилжааны программд журмын дагуу үнэн, зөв шивж оруулсан эсэх, үнэт цаасны ханшид үзүүлсэн нөлөөлөл, цөөн тоо, ширхгээр олон давтамжтай арилжаа хийгдсэн эсэхийг шалгана;
6.7 Газар дээрх хяналтын үед:
6.7.2 дээрх сэжиг бүхий хэлцэл хийхэд оролцсон холбогдох этгээдүүдтэй биечлэн уулзаж, газар дээрх шалгалтыг зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд албан ёсны тайлбар, тодруулгыг бичгээр гаргуулан авна;
Долоо. Хариуцлага
7.1 Хорооны Ажлын албаны Хяналт шалгалтын газар энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж, уг журмыг зөрчсөн этгээдэд Хорооны Улсын байцаагч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 89-р зүйлд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
***
Үнэт цаасны зах зээлд оролцогчдын арилжаанд орохдоо анхаарч мөрдөх ёстой бусад хууль журмууд:
- Зөрчлийн тухай хууль (10.11, 11.10 зүйл)
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль
- МХБ-ийн Арилжааны журам
- МХБ-ийн Анхдагч зах зээлийн арилжааны журам
- МХБ-ийн Хяналт, шалгалтын журам